Previous Page  3 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 7 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

СИНГАПУРЫН ШИЙДЭЛ

МОНГОЛЫН ШИЙДЭЛ

НОСК-ИЙН ТӨСЛҮҮД ҮНЭХЭЭР ХЭРЭГЖИХ ҮҮ?

Жаран жилийн туршид хэрэгжүүлсэн ухаалаг бодлогын

үр дүнд Сингапур улс иргэдийнхээ орон сууцны асуудлыг

аль хэдийн бүрэн шийджээ. Өнөөдөр Сингапурын

иргэдийн 80 хувь нь нийтийн орон сууцанд амьдарч,

тэдний 90 хувь нь орон сууцаа өмчилж авсан ажээ. Орон

сууц хөгжлийн зөвлөл (HDB) жаран жилийн өмнөөс

нийтийн орон сууц барьж эхэлжээ. Тэдний орон сууц

нь хувийн хэвшлийнхээс 20-30 хувиар хямд болдог.

Айл өрхүүд өөрийн орлого, хэрэгцээндээ нийцсэн орон

сууцыг төрөл бүрийн хөтөлбөрөөр дамжуулан авдаг.

Жишээ нь тэтгэврийн сангаас өөрийн нэрийн дансаараа

зээл авч, урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцанд орж

болно. Иргэд тэтгэврийн сандаа цалингаасаа сар бүр

20 хувийг, ажил олгогч нь 17 хувийг хуримтлуулна. Анх

удаа, шинэ орон сууцанд орж буй өрхөд орлогоос нь

хамаараад 80,000 хүртэл ам.доллар, хуучин орон сууцанд

бол 120,000 хүртэлх ам.долларын тэтгэмж олгоно.

Тодорхой хугацааны дараа тэр орон сууцаа өмчилж

авч болно. Харин гэрлээгүй бол 35 нас хүртлээ өмчлөх

эрхгүй, зөвхөн түрээсээр амьдарч болно.

Нийтийн орон сууцыг хувийн өмчлөлд авсан бол

эхний таван жил зарах эрхгүй. Өндөр орлоготой өрх бага

талбайтай орон сууц худалдан авах боломжгүй. Хэт өндөр

орлоготой бол төрөөс барьдаг, нийтийн орон сууц авах ч

эрхгүй, хувийн хөрөнгөөр баригдсан, өндөр үнэтэй орон

сууц худалдаж авахаас өөр сонголтгүй ажээ.

Нийслэлийн орон сууцны корпораци буюу НОСК-аас

орлогод нийцсэн (аffordable) орон сууцны хөтөлбөр

эхлүүлжээ. Баянхошуу, Шархад гэх мэт гэр хорооллуудад

газрыг чөлөөлөх байдлаар, мөн орон нутагт Морингийн

даваа зэрэг хотоос гаднах долоон байршилд шинэ

газар авчээ. Эдгээр байршилд энэ хавраас НОСК-

ийн санхүүжилтээр дэд бүтэц барих бөгөөд аж ахуй

нэгжүүдэд дээр нь орон сууц барих саналыг тавьж

сонгон шалгаруулах ажээ. Сонгохдоо тухайн компани

дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг үнэлээд нийт орон

сууцны хэдийг үнэ төлбөргүй, хэдийг хямдралтай үнээр

НОСК-д өгөх зэрэг шалгуур тавих гэнэ. Харин НОСК авсан

байрнуудаа зах зээлийн үнээс хямдаар түрээслүүлэх,

түрээслээд өмчлөх хэлбэрээр орлого багатай иргэдэд

орон сууцанд орох боломж олгох гэнэ. Энэ маягаар

нийт 10 мянган айлыг орлогод нь нийцсэн, ногоон орон

сууцтай болгох аж. Үүнээс 1500 нь түрээсийн, 3000-5000

нь түрээслээд өмчлөх орон сууц, үлдсэнийг нь барьсан

компаниуд өөрсдөө борлуулна. Энэ төслийг таван

жилийн дотор хэрэгжүүлнэ гэж НОСК-ийн Гүйцэтгэх

захирал Б.Сүхбаатар мэдэгдсэн.

Улаанбаатар хотод орлогод нийцсэн орон сууц

барихдаа нийлүүлэлт дээр бол сонголтыг нэмэгдүүлэх;

санхүүжилт дээр тогтвортой санхүүжилтийн механизмыг

бий болгох; хэрэгжүүлэхдээ хууль эрх зүйн орчин,

инстүүцийг бий болгох зэрэг гурван урт хугацааны

зорилго тавьжээ. Энэ стратегийг хэрэгжүүлэхдээ

төр, хувийн хэвшил, түрээслэгчид, орон нутгийн

байгууллагууд зэрэг холбогдох бүх талуудын оролцоог

бүрэн хангах гэнэ. Шаардлагатай санхүүжилтийг олон

улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй, нэн хөнгөлөлттэй

урт хугацааны зээлээр хийх юм байна. Жишээ нь, Азийн

Хөгжлийн Банкнаас 80 сая, Ногоон хөгжлийн сангаас

145 сая ам.доллар аваад эхлэж байна. НОСК хямд үнэтэй

бүх байрны төлбөрийг шууд төлж, мөн 70 хувиас дээш

гүйцэтгэлтэй бол тухайн барилгын компанид зээлийн

баталгаа гаргаж өгөх ажээ.

Өмнө нь хотын удирдлагууд ил далд авч байсан бүх

төлбөр хураамжийг зогсоож, орон сууц барих бүх ажлыг

бүх шатанд нь ил тод болгосон учир НОСК-ийн энэ

удаагийн төсөл нь Улаанбаатарчуудын орон сууцны

асуудлыг шийдэх боломжтой. Гэхдээ хэрэгжих эсэх

нь бол асуудалтай. Учир нь 2020 он бол сонгуулийн

жил. Сонгуулиар гарч ирсэн Засгийн газар нь өмнөх

засгийнхаа ажлыг яаж зогсоож, үгүй хийдгийг иргэд

зөндөө харсан. Тэгэхээр энэ төслийг улс төрөөс

хамааруулахгүй хэрэгжүүлэхийн тулд одооноос бүх

иргэдийн ойлголт, итгэл шаардлагатай. Түүний тулд

төслийн үйл ажиллагааг нээлттэй байлгаж, холбогдох

иргэдийг бүрэн оролцуулах нь чухал. Эс бөгөөс бас нэгэн

мөрөөдөл цаасан дээр үлдэж, цаг хугацаанд замхарна.

2020.02.19