2
Дугаар (550) 31, 2021
Монголын хүн амын сэтгүүл
ӨМНӨХ ҮГ
МУИС-ийн Хүн Амын Сургалт, Судалгааны Төв, Монголын Хүн Ам ба Хөгжил Нийгэмлэгтэй
хамтран “Монголын Хүн Амын Сэтгүүл”-ийн 31 дэх дугаараа бэлтгэн, эрхэм уншигч Та бүхэнд
толилуулж байна.
Сэтгүүлийн энэ дугаарын “Судалгаа” хэсэгтээ Монгол улсын хүн амын анхны гэрлэлт дэх
хүйсийн ялгаатай байдлын шинжилгээг гэрлэлтийн цэвэр хүснэгт ашиглан тооцсон хүн ам
зүйн шинжилгээний үр дүнг танилцуулж байна. Уншигч та КОВИД-19 цар тахлаас шалтгаалсан
хямралын нөлөөллийг бууруулахаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн
нийгмийн хамгааллын арга хэмжээг симуляци (хийсвэр тооцоолол)-ийн арга зүйгээр үнэлж,
иргэдийн ядуурал, орлогын хуваарилалтад цар тахлын нөлөө байгаа эсэх, коронавирусаас
үүдэлтэй хямралыг бууруулахад засгийн газрын бодлого хэр зэрэг үр дүнтэй байгааг үнэлсэн
үнэлгээний үр дүнтэй танилцах боломжтой. Түүнчлэн, энэ удаагийн дугаарт Монгол улс дахь
гадаад шилжилт хөдөлгөөний агрегат тоо, түвшинг тооцож, динамик хандлагыг дүгнэлсэн
судалгааны үр дүнг танилцуулж байна. Хүн амын хэтийн тооцоог өнөөгийн тоо мэдээлэлд
тулгуурлан шинэчилж, бүрэлдэхүүний аргаар 2 хувилбартайгаар тооцсон үндэсний болон
Улаанбаатар хотын хэтийн тооцооны үр дүнтэй танилцах боломжтой.
“Үзэл бодол” хэсэгт Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын зорилго, зорилтуудыг
Монгол улсын засгийн газар хангахын тулд нийгмийн тэгш бус байдлыг арилгах, хүний
чадавхад суурилсан ололт, амжилт эдгээрт илэрч буй жендэрийн тэгш бус байдлыг тодруулах,
ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдсан тэгш бус байдлыг илрүүлж, шийдэх
гарц, арга замыг олох, хөрөнгө нөөцийг хангалттай хуваарилах, шийдвэр гаргах эрх мэдлийг
олгох асуудалд анхаарал хандуулах талаар судлаачийн дүгнэлт, санал зөвлөмжтэй танилцаж
санал бодлоо хуваалцана уу.
“English” хэсэгтээ Монгол гэр бүлийн худалдан авах шийдвэр дэх хүүхдийн нөлөөлөл
болон түүнд хамаарах хүчин зүйлсийг тодруулж, үүнд өрхийн орлого, гэр бүлийн бүтэц, ам
бүлийн тоо, эцэг эхийн боловсрол зэргээс хамаардаг болохыг статистик нотолгоонд суурилан
баталсан шинжилгээний ажлын танилцуулж байна.
Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт толилуулж буй судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд,
эрдэмтэн, судлаачдын үзэл бодлын талаар эрхэм уншигч Та шүүмж, мэтгэлцээн, хэлэлцүүлэг
өрнүүлэн, санал бодлоо хуваалцаж, манай дараагийн дугаарт өөрийн материалаа ирүүлнэ
гэдэгт бид итгэлтэй байна.
Энэ ялдамд, хүн ам зүй, хүн ам, хөгжлийн асуудлаар судалгаа, эрдэм шинжилгээний ажилд
оюун санаагаа зориулан манай сэтгүүлд өөрийн бүтээлээ ирүүлсэн нийт эрдэмтэн, судлаачид
болон уг сэтгүүлийн энэ дугаарыг бэлтгэн хэвлэхэд санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлсэн
Монгол Улсын Их Сургуульд сэтгүүлийн редакцийн хамт олон гүн талархлаа илэрхийлж байна.
Эрхэм уншигч таны оюуны мэлмий тань тэлэх болтугай.
РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ