Товч агуулга:Энэхүү гарын авлага нь тогтворшилтой хөгжлийн боловсролын үзэл санааг Монголын уламжлалт соёлын үүднээс шинжихүй, нэг ертөнцийн хандлага тогтворшилтой хөгжлийн боловсролын үндэслэл болох нь, тогтворшилтой хөгжлийн боловсролын үзэл санааг хэрэгжүүлэх арга ажиллагааны нэгэн хувилбар гэсэн 3 бүлэгтэй. Өнөөгийн дэлхий нийт, улс үндэстэн, байгууллага, хувь хүн бүрийн даган мөрдөх шаардлагатай байгаа “Тогтворшилтой хөгжил” үзэл хийгээд “Тогтворшилтой хөгжлийн боловсрол”-ын мөн чанар, онцлог юу вэ? эдгээр асуудлуудыг Монголын уламжлалт соёл, үнэт зүйлийн талаас эргэн харахад юу ажиглагдаж байна? энэ үзэл санааны хэрэгжилт хаашаа юунд чиглэж, яаж явж байна? юун дээр алдаж байна? юун дээр онож байна? алдааг засаж, ололтоо бататгахын тулд юу хийх хэрэгтэй? өнөөгийн “Тогтворшилтой хөгжил” хөтөч үзэл “дэлхийн жишиг” гэдгийн дор бид юу ойлгож байна? Монголчууд бид өнөөдөр улс орноо хөгжүүлэхийн тулд өмнөх шигээ Өрнийхнийг даган дуурайж “хойноос нь хөөж гүйцэх” үү? зэрэг олон асуултанд энэ ном хариулт өгөх болно.