Товч агуулга:Энэхүү бүтээлийн нэгдүгээр бүлэгт үндэсний сэтгэлгээ, соёл, үнэт зүйлийг баримтаар мөшгөн судлах арга зүйн хандлага, Монголын Эзэнт гүрний үеийн сэтгэлгээний эх сурвалж, судалгааны тойм, үндэсний хувцас соёлын үнэт зүйл болохыг тодруулсан судалгаа, Эзэнт гүрний үеийн монгол булшны мэдээллийн сан бүрдүүлэх үзэл баримтлал, археологийн олдворыг дижитал хэлбэрээр сэргээн бүтээх арга, мөн үеийн археологийн олдвор дээлийг дижиталаар сэргээсэн үр дүнг тусгажээ. Хоёрдугаар бүлэгт Эзэнт гүрний үеийн монгол эрэгтэйчүүдийн дээлийн загварын төрөл зүйл, онцлог, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их нартын Баларын хадны 2-р оршуулгаас олдсон монгол эрэгтэйн дээлийг нэхэн сэргээх дижитал боловсруулалтын үр дүн, тухайн дээлийн материалын онцлог, хээний бэлгэдэл, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань хар уулын 77-р дурсгал болох Монголын үеийн булшнаас илэрсэн агсарга бүсийг сэргээсэн судалгааны үр дүнг хамруулжээ. Гуравдугаар бүлэгт түүхэн сурвалж, археологийн олдвор, музейн үзмэр, эрдэмтдийн судалгаанд тулгуурлан цагаан сарын төрийн тахилга, зан үйлийн уламжлалыг тодруулан төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааны ерөнхий дэгийг түүхэн сурвалж дахь мэдээ сэлт ба Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн их тахилга ёслолын тухай хууль тогтоомж, дэг ёсонд тулгуурлан сэргээх боломжийн талаар өгүүлж, дундад үеийн монголчуудын аяганы төрөл хийгээд хэрэглээний онцлогийн асуудал, бүсний аягыг хуулбарлан сэргээж урласан судалгааны үр дүн, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн VIII хуралдаанаар хүн төрөлхтний биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн гэрийн модны тогтмол тоо 'п"-ийг тогтоож, археологийн олдворыг шинжлэн дундад зууны үеийн гэрийн модны параметрийг сэргээсэн тухай авч үзсэн байна.