Товч агуулга:Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Тайжиуд Аюудайн Очир 1975 онд Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар орсноос хойш тус хүрээлэнгийн захирал хүртэл дэвшин ажилласан агаад ялангуяа 1991-2001 онд Түүхийн хүрээлэнгийн захирал байх хугацаандаа хүрээлэнгийн гадаад харилцааг өргөжүүлэх, олон улсын судалгааны төслийг хэрэгжүүлэх, түүхч боловсон хүчнийг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн болно. 2023 оны 12-р сарын 16-нд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Тайжиуд Аюудайн Очирын 75 насны ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан байна. Тус хурлаар профессор А.Очирын эрдэм шинжилгээний судалгааны үр дүн, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн талаарх 4 илтгэлийг хэлэлцэж, анд нөхөд, хамтран зүтгэгчид, шавь нар нь дурсамж дуртгалаа ярьж, дотоод гадаадын олон эрдэмтэн баяр хүргэсэн байна.