Товч агуулга:Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран “Өнөөгийн философи ба соёлын эрх” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан байна. Нийгэм улс төр, боловсрол, итгэл үнэмшлийн системд хамааралтай философи асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, холбогдох онол, арга зүйн шинэ чиг хандлага, тулгарч буй сорилт, дэвшүүлж буй үндэслэлийн талаар хэлэлцэх, түгээхэд уг хурлын зорилго оршино. Соёлын эрх гэдэг нь хувь хүн, олон нийтийн соёлын өвөрмөц байдал, зан үйл, илэрхийлэлд чөлөөтэй оролцох, хөгжүүлэх, хадгалах эрхийг хэлнэ. Эдгээр эрхүүд нь соёлын бүлгүүдийн өвөрмөц байдал, залгамж чанарт салшгүй холбоотой хэл, шашин шүтлэг, урлаг, зан заншил, амьдралын хэв маяг зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа, уламжлалыг хамардаг. Үүний тулд “Соёлын эрх ба нийгэм улс төр”, “Ёс зүй, гоо зүй ба үнэлэмж”, “Хүний оршихуйн үнэ цэн ба шашин”, “Боловсролын өөрчлөлт ба философи” гэсэн дэд сэдвүүдийг санал болгож байна. Өнөө цагийн нийгэм соёлын нарийн төвөгтэй асуудлыг ойлгож, шийдвэрлэхэд философийн гүйцэтгэх үүрэг, түүний эзлэх байр суурь, бий болгох нөлөөллийн талаар салбар дундын шинжтэй, бүтээлч, шүүмжлэлт хэлэлцүүлэг өрнүүлэх бололцоог харгалзан дээрх сэдвүүдийг онцлов.