Товч агуулга:ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн "Монголд зорчсон тэмдэглэл" хэмээх цувралыг үүсгэн Монгол нутагт зорчсон буюу аж төрж байсан гадаадын элч төлөөлөгч, эрдэмтэн судлаач, аялагч жуулчин, худалдаачин, шашин номлогч зэрэг хүмүүсийн үлдээсэн Монгол орон хийгээд монголчуудын талаарх тэмдэглэлийг уншигч, судлаачдад орчуулан хүргэхээр зорьсон болой. Тус бүтээлд М.В. Певцовын 1876, 1878-79 онд хийсэн хоёр удаагийн аяллын тэмдэглэлийг орчуулан оруулж, маршрутын зургийг нь хавсаргасан байна. 1876 онд "Зүүнгараар зорчсон тэмдэглэл"-ийг хоёр хэсэгт хуваан үзэх боломжтой. Эхний хэсэг болох Зайсангаас Булан тохой хүрэх замаар өмнө нь орос аялагчид нэг биш удаа зорчиж, нутаг орныг газрын зурагт харьцангуй тодорхой буулгасан бол удаах хэсэг буюу Булан тохойгоос Цонж хүртэлх нутгаар орос аялагчдаас анх түрүүн Певцов зорчжээ. Тэрээр худалдаачдын жингийн цувааны зам дагуу геологи, газарзүй, угсаатны зүйн судалгаа хийсний зэрэгцээ 900 км замын зургийг тодруулан авч, 6 цэгийн газарзүйн координатыг тогтоож, 17 цэгийн ДТД өндөржилтийг даралт хэмжигчээр хэмжин, 4 цэгийн соронзон хазайлтыг тодорхойлоод эрдэс чулуулгийн баялаг цуглуулгыг бүрдүүлжээ. Тэр дундаа торгуудуудын аж байдал, зан төрхийг таниулан, Цонжоос хойш говь цөлд хавтгай, Өрөнгө, Цонжийн завсар өргөн уудам нутагт хулан олноороо идээшдэг тухай тэмдэглэн үлдээсэн нь нэн сонирхолтой. Энэ бүтээлийг нь үнэлж Оросын Газарзүйн Нийгэмлэгээс судлаачийг бага Алтан медалиар шагнажээ. Дараа нь 1878-79 онд Бийскийн худалдаачдын цувааг дагалдан Ар, Өвөр Монголын нутгаар зорчихдоо өмнө нь европ хүний хөл тавиагүй олон газраар явж, тэр бүрдээ нарийн тэмдэглэл хөтөлж, халх, дөрвөд, урианхай, өөлд, захчин, торгуудуудын тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. М.В.Певцовын тайланг энэ номд бүрэн эхээр нь хавсаргахдаа бид ургамал, амьтны латин нэршлийг түүний бичсэн хэвээр үлдээж, улмаар одоогийн латин нэршилтэй харгуулан хүснэгтэд тайлбарлаж оруулав. Энэ бүтээлээрээ судлаач Оросын Газарзүйн Нийгэмлэгийн нэр хүндтэй Литкегийн одонгоор шагнуулжээ.