Товч агуулга:Америкийн уран зохиолын нэрт шүүмжлэгч, утга зохиол судлаач, Йелийн их сургуулийн профессор Хэролд Блүмийн (1930-2019) "Өрнийн канон" (1994) ном АНУ-д төдийгүй, хоёр мянганы зааг дахь дэлхийн уран зохиолын шүүмж судлалд хамгийн их анхаарал татаж, шуугиан дэгдээсэн бүтээлийн нэг. Учир нь судалгааныхаа гучаад жилийг зарцуулсан энэхүү бүтээлээрээ зохиогч дэлхийн үгийн урлагт сэтгэлгээний охь болсон хорин зургаан зохиолчийн хосгүй гайхамшигт уран сайхны ертөнц, тэдгээрийн дахин давтагдашгүй шинжийг сод бүтээлүүдэд нь тулгуурлан нотлон харуулснаараа сонгодог Өрнийн каноныг үнэгүйдүүлэх буюу задлах тийш хэлбийлгэж байсан хүн төрөлхтний оюуны соёлд ихээхэн уршигтай үйл явц, энэ хүрээнд он удаан жил үргэлжилсэн маргаанд цэг тавьсан юм.