Товч агуулга:Хүний нэр бол тухайн үндэстний соёлын бүрэлдэхүүн хэсэг төдийгүй түүхэн цаг үеийн хувьсал хөгжлийг тээж явдаг бие даасан судлагдахуун юм. Хэл шинжлэлийн оноосон нэр судлал, тэр дундаа антропоними буюу хүний нэр судлалын ажил нь түүхийн судалгаанд ч хамаатай. Тухайлбал, түүхэн зүтгэлтнүүдийн нэрийг зөв бичих, зөв дуудах, утга бэлгэдлийг нь зөв ойлгох, ижил нэртэй хүмүүсийг тодруулах, түүхийн судалгаанд ижил нэртэй хүмүүсийг андуурах эрсдэлээс сэргийлэхэд энэ төрлийн судалгааны ач холбогдол оршино. Тус бүтээлд Дундад зууны монгол хүний нэрийн зарим язгуур бүтээврийн судалгаа, залгавар бүтээврийн судалгаа, хүний нэрд холбогдох судалгаануудын талаар дэлгэрэнгүй оруулсан байна.